Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Таны санхүүг аврах шилдэг 5 тооцоолол
2021-08-19

Хүн бүр санхүүч, эдийн засагч байдаггүй ч хүн бүр өдөр тутамдаа санхүүгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, наад зах нь нийтийн унаанд суух, кофе уух, дуртай амттанаа авч идэх, ер хүссэн бүхнээ хийхэд зайлшгүй алв нэг хэсэг нь санхүүтэй холбогдолтойгоор зохицуулагдаж байдаг билээ. Тэгвэл нөгөө талаас, энэ өдрийг, бас ирэх өдрүүдийг яаж өнгөрөөхөөс шалтгаалж таны мөнгөнд ханддаг хандлага, амьдралын чанар тань бүрэлдэн тогтож байдгийг санаарай. Таны санхүүг эрсдэлээс хамгаалах 5 шилдэг тооцооллыг хүргэж байна.

Нийлмэл хүүгийн гайхамшиг

Эрт хуримтлуулснаар та Альберт Эйнштейны “Дэлхийн найм дахь гайхамшиг” гэж нэрлэсэн “Нийлмэл хүүгийн үр шим”- ийг илүү ихээр хүртэх боломжтой. Нийлмэл хүү гэдэг нь ашиг, орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийж хүүгээс хүү, өгөөжөөс өгөөж тооцогдохыг хэлж байгаа юм. Тиймээс эрт эхлэх тусмаа урт хугацааны санхүүгийн зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх болно. Жишээ болгож дараах тооцооллыг харцгаая.

Болд, нас:40 – Түүний хувьд 25-28 хүртэлх насандаа жил бүр хадгаламждаа 10 сая төгрөг хийж, өнөөдрийг хүртэл буюу сүүлийн 12 жилийн турш нийлмэл хүүгийн аргаар тооцогдох өгөөж бодуулсан.

Сүрэн, нас:40 – Харин тэр 29-40 нас хүртэлх насандаа жил бүр мөн 10 сая төгрөгийг хадгаламждаа хийж, сүүлийн 12 жилийн хугацааг хуримтлал үүсгэхэд зарцуулж байна. Тэгвэл эрт эхэлж, хуримтлуулахад богино (4 жил) хугацаа шаардагдсан ч хадгалахад урт (12 жил) хугацаа зарцуулсан хадгаламжийн дүн хэд гарах бол? Нөгөө талаас, хуримтлуулахад урт 12 жил хугацаа зарцуулсан хадгаламжийн нийлбэр дүн тус бүр ямар тоо гарахыг сонирхвол, ялгаагүй 371, 617,338 төгрөг гэсэн гайхмаар тоо гарна. Учир нь эрт эхлэх тусам үр өгөөжөө илүү өгдөг нийлмэл хүүгийн үр шимийн тогтолцоо энэ юм.

Бага дүн хамаагүй, гол нь “тогтмол”

Хүмүүс ихэвчлэн өнөөдөр миний хуримтуулах мөнгө бага дүнтэй юм чинь хадгаллаа гээд нэмэргүй хэмээн бодсноос үүдэн, хэрэгцээгүй зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхгүй байх нь олонтаа. Гэвч өдөр бүр танд 1,000 төгрөг, сард 30,000 төгрөг хуримтлуулах боломж байдаг. Монгол хүн дунджаар 30 жил ажилладаг хэмээн тооцвол хүн болгонд өдөрт 1,000 төгрөг, жилдээ 365,000 төгрөгийг 30 жилийн турш 12 хувийн нийлмэл хүүгээр хуримтлуулбал таны мөнгө 30 жилийн дараа гэхэд 106.1 сая төгрөг болох боломжтой. Та өөрийн зүгээс 10.8 сая төгрөг, хүүндээ 95.3 сая төгрөг авна гэсэн үг. Мэдээж хэрэг та заавал 1,000 төгрөг өдөртөө хадгаламждаа хийлгүй, өөрийн боломжоороо цалингийнхаа 5-10 хувиар хуримтлал үүсгэн ирээдүйдээ хэрэгтэй зүйлдээ ашиглах боломжтой. Таны хадгаламж дахь  мөнгө таныг амарч, унтаж байсан ч өдөр бүр өгөөжөө өгч хүүгээрээ өссөөр байх болно гэдэг гайхамшигтай биш гэж үү.

Ханшийн савлагаатай үед: Төгрөг үү, Доллар уу?

Сонгуулийн жилд долларын ханш өсдөг гэсэн нийтлэг хүлээлтдээ үндэслэн төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж болгон өөрчилсөн нь Монголбанкны сар бүрийн тоон мэдээллээс харагддаг. Та доллараар жилийн 3 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой бол, төгрөгөөр жилийн 13 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой байдаг. Долларын ханш нь зөрүү дүн болох 10 хувиар өсвөл танд долларын хадгаламж илүү ашигтай байх болно. Харин долларын ханш 10 хувиас багаар өсвөл эсрэгээрээ алдагдалтай тусна.

2019 оны 9 сараас 2020 оны 9 сарын хооронд 1 жилийн хугацаанд долларын ханш жилийн 6.9 хувиар, харин энэ он гарснаас хойш  4.4 хувиар өссөн байна. 2008 оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд долларын ханш 1 жилд дунджаар 7.8 хувиар өссөн бөгөөд ханш өсөхөд нөлөөлдөг валютын албан нөөцийн хэмжээ, гадаад худалдааны тэнцэл гэх зэрэг үзүүлэлтүүдийг судлан, төгрөг эсвэл доллараар хадгалах шийдвэрээ гаргаарай. Сүүлийн 3 жилийн байдлаар судлахад төгрөгийн хадгаламж илүү өндөр өгөөжтэй байна.

Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн бий гэдгийг бүү март

Зарим хүмүүс хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө авах зэргээр хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь: Та 20 сая төгрөгөөр хувьцаа авлаа гэхэд таны хувьцаа жилийн дараа 5 сая төгрөг эсвэл 30 сая төгрөгт хүрэх ч боломжтой. Эсвэл та 50 сая төгрөгөөр 1 өрөө байр авч түрээсийн орлого олж эхэллээ гэж бодоход магадгүй таны авсан байрны үнэ жилийн дараа унан тодорхой хэмжээний алдагдал хүлээх магадлалтай.

Хөрөнгө оруулалтын аль ч төрлийг сонгон хөрөнгө оруулалт хийсэн, та чухам юунд хөрөнгө оруулж буйгаа сайтар ойлгох хэрэгтэй. Ингэх нь муугаар бодоход ямар алдагдал хүлээх, сайнаар бодвол та хэдий хэмжээний ашиг хийх боломжтойг тодорхойлж өөрт тохирох эрсдэлтэй бүтээгдэхүүнээ сонгон амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.

Цаг цагаараа байдаггүй. Тиймээс урьдчилан бэлтгэ!

Танд тэтгэвэртээ гарах хүртэл хэр хугацаа бийг тодорхойлж, одоо авч байгаа цалинтайгаа харьцуулаад, тэтгэвэрт гарах үедээ хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа тооцож үзээрэй. Тухайн дүн таны тэтгэврийн насандаа төлөвлөсөн бүхэнд хангалтгүй санагдвал ирээүйн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн хуримтлал эсвэл хадгаламж нээлгэн өнөөдрөөс хуримтлуулж эхлээрэй.

Тухайлбал, та 60 насандаа тэтгэвэрт гарна, магадгүй тухайн хуримтлуулсан мөнгөн дүнгийнхээ өгөөжийг хүртэж нэмэлт орлого олно гэж тооцъё. Та 20 жилийн турш сар бүр 100,000 төгрөг хуримтлуулбал өөрөөсөө 24,100,000 төгрөг хуримтлуулах бөгөөд хүүндээ 33,760,329 төгрөг авч нийт 57,860,000 төгрөгтэй болохоор байна. Харин үргэлжлүүлэн хадгалсаар байх тохиолдолд 57,8 сая төгрөгөөс сард зөвхөн хүүндээ (жилийн хүү – 14%, сарын хүү – 1,16%) 670,000 төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой. Мэдээж та сар бүр 670,000 төгрөгийн хүүгийн орлого авч болохоос гадна таны үндсэн хуримтлал болох 57,8 сая төгрөг нь хэвээр үлдэх боломжтой.

Тооцооллыг: Ард Санхүүгийн Нэгдлийн шилдэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гаргасан тул асууж тодруулах зүйл гарвал манай фэйсбүүк хуудсаар холбогдоно уу.