Тогтвортой бөгөөд чанартай үйлчилгээг гишүүддээ үзүүлсээр ирсэн Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнтэй ярилцлаа.
Юуны өмнө хоршооных нь хөрөнгө 20 тэрбумыг давсанд баяр хүргэе, хэдэн жилийн дотор хэд дахин өсөөд байна вэ?
Манай Ард Актив хадгаламж, зээлийн хоршооны (ХЗХ) хувьд анх 2004 онд үүсгэн байгуулагдаж 2013 онд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт авч, Траско нэрээ одоогийн Ард Актив ХЗХ болгон өөрчилсөн.
Миний хувьд Гүйцэтгэх Захирлын ажлаа 2017 оны 8 сард хүлээн авсан бөгөөд тухайн үед манай хоршоо 700 сая төгрөгийн хөрөнгөтэй, 400 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол өнөөдөр 30 дахин өргөжиж, нийт хөрөнгө 21 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжийн багцаа 40 дахин нэмэгдүүлж ажиллажээ.
Хадгаламж, зээлийн хоршоо ямар зарчмаар ажилладгийг энгийнээр тайлбарлавал?
Хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлөөр хүргэдэг санхүүгийн байгууллага юм. Харилцагч хадгаламжаа байршуулъя гээд манай хоршоон дээр ирэхэд тухайн хүн гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад, гишүүн бүрийн адилаар хувь нийлүүлсэн хөрөнгөө байршуулснаар хадгаламжаа ч мөн байршуулах боломжтой байдаг.
Гишүүнээр элсэхэд 50,000 төгрөг байршуулдаг бөгөөд тухайн хүн хадгаламжаа хаагаад гишүүнээс гарах хүсэлтээ өгөхөд тухайн мөнгө буцаан олгогддог. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг “мини банк” гэж ойлгож болно. Банкнаас хүн бүр өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг авах боломжтой байдаг байдаг бол хоршооны хувьд гишүүнээр элссэн тохиолдолд зээл, хадгаламжийн үйлчилгээ авах эрхтэй болдог.
Таны хувьд энэ салбарын ирээдүйг хэрхэн хардаг вэ?
Анх ажлаа хүлээж авч байхад үйлчлүүлж буй 10 харилцагчийн 9 нь: “Танай хоршоо найдвартай юу” гэж асуудаг байсан бол одоо 3-5 хүн л тэгж асуудаг болсон байна. Энэ нь 2005-2006 онуудад болсон хадгаламж зээлийн хоршооны дампууралтай холбоотой хүмүүст айдас үүссэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой.
Тухайн үед хадгаламж, зээлийн хоршоог хүссэн нэг нь үүсгэн байгуулж, хадгаламж ихээр татахын тулд сарын 4-5 хувийн хүү амладаг байсан. Жилээр тооцвол 48 – 60 хувийн хүүтэй болж байна. Ийм өндөр хүүтэй хадгаламж татсан хүнд нөгөө талдаа энэнээс өндөр хүүтэй зээл олгох хэрэгцээ үүснэ.
ХЗХ-ны дампуурах болсон бас нэг шалтгаан нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй байсан. Энэхүү дампуурлын дараагаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 2011 онд батлагдаж зөвхөн Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах болсон.
Банкнаас бусад санхүүгийн салбартаа хадгаламж, зээлийн хоршоо сүүлийн жилүүдэд хамгийн өндөр өсөлт үзүүлж байгаа нь салбарын ирээдүйг илүү гэгээлгээр харах боломжтойг харуулж байна. Манай хоршооны хувьд өнөөдрийн хүрсэн өсөлт, амжилтаа хадгалан ирээдүйд жижиг банкны хэмжээнд активаа өсгөн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хоршоонд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, илүү өргөжих ямар боломжууд бий вэ?
Санхүүгийн салбар цахимжиж байгаатай холбогдуулан манай хоршооны хувьд харилцагч хадгаламж болон зээлийн ямар төрлийн үйлчилгээг банкнаас авч байна, тэр бүгдийгманайхаас цахимаар авдаг болгохыг зорин ажиллаж байна.
Энэ ч үүднээс хадгаламж эзэмшигчид маань хадгаламжийн хуулгаа харах, хуримтлагдсан хүүгээ тооцоолох, зээлийн эргэн төлөлтөө харах болон зээлийн дансны хуулгаа Ард Аппаараа дамжуулан харах боломжтой байгаа билээ. Одоо хадгаламжаа онлайнаар барьцаалан зээлээ авах боломжийг бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтээ хийн ажиллаж байна.
Нэг талдаа арилжааны банкууд цөөрч, банкны хадгаламжийн хүү буурсан нь бусад санхүүгийн салбарт өндөр өсөлт бий болох боломжийг нээж байна. Эх үүсвэрийн олдоц сайжран, зээлийн хүү буурч илүү олон хүнд хүрэх боломж ч мөн нээж байгаа.
Ард Актив ХЗХ 10 жилийн дараа гэхэд ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байх бол? Өөрөөр хэлбэл танай байгууллагын алсын хараа, зорилгыг сонирхъё.
Манай хоршоо харилцагчдынхаа “насан туршийн санхүүгийн түнш” байхыг алсын хараа болгож, “гишүүддээ санхүүгийн шилдэг, цогц үйлчилгээ үзүүлж, хуримтлалыг нэмэгдүүлснээр хамгийн найдвартай харилцагч байгууллага болох” зорилго тавьсан.
Өнгөрсөн хугацаанд харилцагч бүхэн манай үйлчилгээг сэтгэл ханамжтайгаар авах боломжийг нээж ажилласнаараа салбартаа нийт хөрөнгөөрөө тэргүүлэх 3 хоршооны 1 болоод байна. Ирэх 10 жилд өнөөдрийн хүрсэн амжилтаа ахиулан салбартаа тэргүүлэх хоршоо болохын төлөө хичээн ажиллах болно. Энэ дашрамд салбартаа нийт хөрөнгөөрөө тэргүүлэх 3 хоршооны 1 болоход хамтран ажилласан хоршооны нийт гишүүд, хадгаламж эзэмшигч, зээлдэгчдэдээ баярлалаа гэдгээ хэлье.
Хүчтэй. Хамтдаа.