Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Хувь хүн санхүүгийн шийдвэрээ зөв гаргах нь
2021-08-17

Хувь хүн санхүүгийн шийдвэрээ зөв гаргах нь

Хувийн санхүү – Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Учир нь та болон бусад бүх хүмүүсийн хоорондын гүйлгээ буюу орлого, зардлын нийлбэр нь улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар бүгд санхүүгийн хувьд холбоотой. Таны зардал нь хэн нэгний орлого байдаг. Эдийн засаг бол хомс нөөцийг хуваарилах тухай судалгаа юм. Бидний хүсэл хязгааргүй хэрнээ тэдгээрийг хангах нөөц нь хязгаарлагдмал. Тиймээс өөрийн эзэмшлийн хязгаарлагдмал нөөц, хөрөнгөө үр ашигтай зарцуулах нь чухал. Ямар ч хүн хүссэн цагтаа дуртай зүйлээ авах хэмжээний мөнгөтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь санхүүгийн зөв удирдлагыг хэрэгжүүлж чадаагүйгээс энэ хүсэл бодол ихэнх тохиолдолд мөрөөдөл төдий зүйл болж хувирдаг. Хүн бүр өдөр тутам ямар нэг байдлаар санхүүгийн шийдвэр гаргаж байдаг бөгөөд тэдгээрийг дараах байдлаар ангилдаг.

  1. Хэрэглэх эсвэл хуримтлуулахтай холбоотой шийдвэр
  2. Хөрөнгө оруулалтын шийдвэр
  3. Санхүүжилтийн шийдвэр
  4. Эрсдэлийг удирдах, бууруулахтай холбоотой шийдвэр

Олж байгаа орлогоосоо хэдийг нь өнөөдөр хэрэглэж, хэдийг нь ирээдүйдээ зориулан хадгалах нь зохистой талаар гаргах шийдвэр маш чухал. Хүн хүсэлдээ хөтлөгдөж бус хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хэрэглэж, тодорхой хэмжээний хуримтлалыг үүсгэж байх нь зайлшгүй хэвшүүлэх дадал юм. Харин үүний дараа өөрийн бий болгосон хуримтлалаасаа тодорхой хэмжээний ашиг олох зорилгоор оюуны болон бодит хөрөнгө оруулалт хийх эсэхээ та шийдээрэй.

Оюуны хөрөнгө оруулалт

Та ахисан шатны сургалтад хамрагдах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж сурах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах үүднээс дижитал маркетинг, сошиал орчинд бизнесээ хэрхэн хөгжүүлэх аргад суралцаж зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ суралцсанаар орлогыг тань тэр хэрээр нэмэгдүүлэхэд тусална.

Бодит хөрөнгө оруулалт

Амьдрах орчин, хэрэгцээ шаардлагаа хангах, өөрийн гэсэн үнэт эдлэл болон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй болохыг чухалчилж, мөнгөө тухайн зүйлдээ зарцуулах үйл явц юм. Гэвч тухайн хөрөнгө цаг хугацааны явцад үнэ цэн нь өсөн нэмэгдэх үү, эсвэл жил өнгөрөх тусам буурах эрсдэлтэй юу гэдгийг сайтар нягтлан тооцох нь чухал.

Мэргэжлийн хөрөнгө оруулалт

Урт, богино хугацаанд мөнгөнөөсөө өндөр өгөөж хүртэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулалтын багийн чиглүүлгийн тусламжтайгаар төрөл бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс өөрт хамгийн тохирохыг сонгож, чанартай хөрөнгө оруулалт хийснээр ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог. Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж. Тэгэхээр хэрвээ та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Урт хугацаандаа үйл ажиллагаа нь тасалдахгүй үргэлжилж чадах компанийг сонгосноор та хөрөнгө оруулалтаасаа өгөөжөө хүртэж чадна. Үүний тулд эхлээд та мэргэжлийн сайн баг болон туршлагатай үнэт цаасны компанийг судалж олохыг чухалчлаарай.

Хувь хүн санхүүгээ амжилттай авч явахын гол ач холбогдол нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх. Тэгвэл хувь хүний санхүүгийн зорилго, санхүүгийн төлөвлөлтийн шийдвэрт тухайн  хүний амьдралын хэв маяг, орлого, нас, гэр бүлийн байдал, эрүүл мэнд болон хувь хүний үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл зэрэг нь хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Тиймээс та санхүүгийн зорилгоо биелүүлэхийг хүсэж л байгаа бол өдөр тутмын амьдралын хэвшил, онцын шаардлагагүй зардлууддаа хяналт тавихаас эхлээрэй.