Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Санхүүгээ сайжруулах 5 зөвлөгөө
2021-08-02

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн зөвлөж байна.

Бага дүнгээр ч хамаагүй тогтмол хуримтлуул

Хүмүүс ихэвчлэн өнөөдөр миний хуримтуулах мөнгө бага дүнтэй юм чинь хадгалах хэрэггүй хэмээн бодсноос үүдэн, хэрэгцээгүй зүйлд зарцуулж ,хуримтлал үүсгэхгүй байх нь олонтаа. Гэвч өдөр бүр танд 1,000 төгрөг, сард 30,000 төгрөг хуримтлуулах боломж байдаг. Монгол хүн дунджаар 30 жил ажилладаг хэмээн тооцвол хүн болгонд өдөрт 1,000 төгрөг, жилдээ 365,000 төгрөгийг 30 жилийн турш 12 хувийн нийлмэл хүүгээр хуримтлуулбал таны мөнгө 30 жилийн дараа гэхэд 106.1 сая төгрөг болох боломжтой. Та өөрийн зүгээс 10.8 сая төгрөг, хүүндээ 95.3 сая төгрөг авна гэсэн үг.

Мэдээж хэрэг та заавал 1,000 төгрөг өдөртөө хадгаламждаа хийлгүй, өөрийн боломжоороо цалингийнхаа 5-10 хувиар хуримтлал үүсгэн ирээдүйдээ хэрэгтэй зүйлдээ ашиглах боломжтой. Таны хадгаламж дахь  мөнгө таныг амарч, унтаж байсан ч өдөр бүр өгөөжөө өгч хүүгээрээ өссөөр байх болно гэдэг гайхамшигтай биш гэж үү.

80/20 зарчмыг баримтал. Учир нь, таны хийж буй ажлын 20 хувь нийт үр дүнгийн 80 хувийг авчирдгийг санаарай

Бид бүхэн бизнес эрхэлж эсвэл ажил хийж орлого олдог. Таны өнөөдрийн авч буй цалин эсвэл бизнесийн орлого таны тухайн компанид оруулж буй үнэ цэн, өгөөжийг үнэлж буй үнэлэмж юм. Та хэдий чинээ тухайн компанийн орлогыг, ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ, төдий чинээ таны орлого, эргэн ирэх ирэх өгөөж өндөр болдог.

Таны хийж буй ажлын үр дүнгийн 80 хувийг -Таны 20 хувийн харилцагчид оруулдаг. Эсвэл таны цагаа зарцуулж буй 20 хувийн ажил – Таны олдог орлогын 80 хувийг эзэлдэг. Иймээс та өөрийн ажил дээрээ зарцуулж буй цагаа илүү бүтээмжтэй зарцуулж, аль болох компанидаа илүү өгөөж оруулах зүйлд төвлөрч ажиллах нь илүү чухал байдаг.

Нийт орлого биш өөрийн нэг цэгт ногдох орлогоо нэмэгдүүлж, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулаарай

Хүн болгон л өөрийн цалингийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Та заавал нийт цалингийн орлогоо нэмэгдүүлэхийн оронд өөрийн ажиллах цагаа багасгаж, нэгж цагт ногдох орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзээрэй. Танд олдох чөлөөт цагаа аль болох ирээдүйд орлого нэмэгдүүлж болох, ур чадвараа сайжруулж болохуйц зүйлд зарцуулаарай.

Нийт цалингаа нэмэгдүүлэх биш нэг цагт ногдох орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь илүү үр дүнтэй юм шүү.

Цагаа удирдаж сурах нь маш чухал

Баян ч бай, ядуу ч бай ижил тэгш нэг зүйл өгөгдсөн байдаг нь хүн бүрийн мэдэлд ижилхэн 24 цаг ногддог. Бид тухайн 24 цагийн 9 цагийг ажил дээрээ, 1-2 цагийг ажил, гэрийн хоорондын замд, 7-8 цагийг унтахад зарцуулдаг. Тэгэхээр та өөрт үлдэж буй 5 – 7 цагийг хэр хэрэгтэй зүйлсэд зарцуулснаас шөлтгөөлж ирээдүйд бий болох боломж бүрддэгийг хэзээд бодолцох хэрэгтэй.

Магадгүй та цаг заваа хангалттай зарцуулсан ч орлого нэмэгдэхгүй байх магадлалтай боловч, ядаж та өөрийн хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхдээ илүү амжилттай хүн болгон өсгөх зөв чиглэл өгч байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.

Өөрийнхөө хамгийн зөв дадлыг илүү хөгжүүл

Хүн болгонд л илүү хөгжүүлмээр сайн дадал хэвшил гэж байдаг. Та эрт босдог, ууланд алхах дуртай, ном унших хоббитой гэх мэт олон төрлийн сайн дадалтай байж магадгүй. Тухайн зөв дадлаараа өөрийгөө аль болох илүү эрч хүчтэй, шинэ зүйлийг хурдан сурах, хүсэл тэмүүлэлтэй болгон өөрчлөөрэй. Тэрхүү дадал, хэвшлээрээ дамжуулан ижил сонирхолтой хүмүүстэй нөхөрлөн бусдаас суралцах боломжийг өөртөө бий болгон, өөрийгөө тогтмол хөгжүүлж байгаарай.