Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Хуримтлал үүсгэх зорилгоо бодитоор төсөөлж байж л хуримтлуулах дадлыг бий болгодог
2022-01-26

Хуримтлал, хөрөнгө оруулалтын ач холбогдлын тухай Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнтэй өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Ард Актив ХЗХ-ны 2021 оны амжилт, ололтын талаар яриагаа эхлүүлье.

Хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч үзүүлдэг санхүүгийн байгууллага юм.

2021 оны байдлаар манай хоршоо 30.2 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, 20.6 тэрбум төгрөгийн цэвэр зээлийн багцтай, 21.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг 2,678 хоршооны гишүүдээсээ татаж ажилласан байна. 2020 оны үзүүлэлттэйгээ харьцуулбал 2-3 дахин нэмэгдүүлж ажилласан.

Яаж хэвийн амьдралаа хангахад шаардлагатай мөнгийг тооцоолох вэ?

Эхлээд хүн болгон гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хангах хэмжээний хуримтлалтай болох хэрэгтэй. Та ажлаасаа гарч дараагийн ажилдаа орох хүртэл эсвэл 2-3 сар ажилгүй байхад таны хуримтлал таныг амьдрахад хангалттай юу? Сар бүр орон сууцны зээлээ төлөх, цалингийн зээлээ төлөх, автомашины зээлээ төлж цаана нь хүнсээ авах мөнгийг зайлшгүй хадгалах хэрэгтэй.

Дараа нь та авч буй цалингийн орлоготойгоо тэнцүү хэмжээний орлогыг хадгаламж эсвэл хуримтлалынхаа өгөөжөөр олох боломжтой. Энэ тохиолдолд таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн гэж хэлж болно. Жишээлбэл: Таны гарт авч буй сарын цалин 1 сая төгрөг, банкны хадгаламжийн хүү жилийн 8% гэвэл сарын 0.67% болно. Та хэдэн төгрөгийг банканд хадгалуулбал 1 сая төгрөгийн хүү авахыг тооцоолбол 150 сая төгрөгтэй бол та ажил хийлгүйгээр цалингийн орлогоо олох боломжтой болж байна. Танд өнөөдөр 150 сая төгрөг байхгүй ч та жилдээ олох өгөөжөө жилийн 8% биш жилийн 16% болгон нэмэгдүүлж чаддаг бол танд 75 сая төгрөг л байхад та санхүүгийн эрх чөлөөнд хүрч болохоор байна.

Хүмүүс орлого бага учраас боломжгүй байна гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр орлого бага ч гэсэн хуримтлал үүсгэх боломжтой биз дээ?

Хүн ирээдүйд надад хэрэгтэй учраас хадгаламж нээж, орлого хийе гэж боддог. Энэ бодол нэг талдаа зөв боловч нөгөө талдаа тогтмол хуримтлал үүсгэх дадлыг тухайн хүнд бий болгож чаддаггүй. Хүнд хадгаламжаа нээж, шууд эхлүүлэх нь хамгийн чухал байдаг. Нэгэнт хадгаламжаа нээсэн хүнд зайлшгүй хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулах уу?  Эсвэл хуримтлалдаа орлого нэмэх үү гэсэн 2 сонголт гарч ирдэг. Эхэндээ хадгаламждаа мөнгө хийж байгаа ч нэг л өсч өгөхгүй, дэмий юм хийж байгаа мэт боловч хэсэг хугацааны дараа, эргээд харахад тухайн хүндээ зөв дадлыг аль хэдийнээ бий болгосон байдаг.

Хадгалах нь чухал уу, хөрөнгө оруулах нь чухал уу? 

Эхлээд ямар хэмжээний эрсдэл хүлээн авах боломжтойгоо тодорхойлох хэрэгтэй. Та өнгөрсөн хугацаанд өөрийн хөлс, хөдөлмөрөө үнэлүүлэн бий болгосон мөнгөө тогтмол өгөөжтэй хадгаламж руу хийх үү эсвэл тогтмол өгөөжгүй бүтээгдэхүүнрүү хийх үү? Ихэнх хүмүүс эхлээд хөрөнгө оруулж эхлэхдээ тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн болох хадгаламж, бондыг худалдан авдаг. Өөр нэг хэсэг нь хувьцаа, крипто валют болон бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгодог. Альнийг нь ч сонгосон болно. Гол нь тухайн хөрөнгө оруулалтыг хийхдээ өгөөж, эрсдэлээ харьцуулан, өөрийн үүрч чадах эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр боломжит бүтээгдэхүүнээ сонгоорой.

Жишээлбэл: Манай хоршооны харилцагчдын хувьд эхлээд хадгаламжаа 300,000 төгрөгөөр нээлгэн тухайн хуримтлалаа тогтмол нэмэгдүүлж, богино хугацаанд санхүүгийн эрсдэлд орохооргүй хэмжээнд хүртэл мөнгөө хуримтлуулдаг. Дараа нь өндөр өгөөжтэй компанийн бонд худалдан авах, өөрийн сонирхож буй компанийн хувьцааны талаарх мэдээллээ авч хөрөнгө оруулалтаа олон төрөлд хувааж эхэлдэг.

Хуримтлалдаа тогтмол орлого хийх  дадлыг бий болгохын тулд  хүнд ямар итгэл үнэмшил хэрэгтэй вэ?

Та 2 жилийн дараа, 5 жилийн дараах өөрийгөө ямар түвшинд хүрснээр төсөөлж байна вэ? Санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, аз жаргалтай гэр бүлээрээ сайхан аялаад, цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаагаар төсөөлж байгаа байх. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 5, 10 хэдэн ч жил байлаа гэсэн өөрийнхөө хүссэн “би”-г бий болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Гол нь хөдөлмөрлөж олсноо зөв хуваарилах хэрэгтэй.

Амьдралын бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болохгүй ч мөнгөтэй холбоотой бүх асуудлыг мөнгөтэй байснаараа шийдэх боломжтой шүү дээ.

Миний хамгийн том хөрөнгө оруулалт миний гэр бүл, хүүхэд маань байдаг. Арван жилийн дараа би хүүхдээ аз жаргалтайгаар өөрийн хүссэн сургуульдаа сурч, өндөр боловсрол эзэмшиж байна гэж төсөөлдөг. Энэ төсөөллөө биелүүлэхийн тулд хүүхдэдээ зориулан хадгаламж нээн, тогтмол орлого хийхийн зэрэгцээ, хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. Хүн болгон өөрийн хуримтлал үүсгэх зорилгоо бодитоор төсөөлж өөрийн хүсч буй зүйлээ тодорхойлсноор илүү өөртөө итгэлтэйгээр хуримтлуулах дадлыг бий болгодог гэж боддог.